surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна. 

НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Өмнө нь хог шатаах үйлдвэр бариагүй билүү. Тэр юу болсон бэ. Нэг үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй байж дахин үйлдвэр барих талаар яриад байна уу” гэсэн асуултыг тавив.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнгөрсөн жил барилгын хогийг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Энэ бол хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр юм” гэдэг тайлбарыг хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Дэлхийн улс орнуудад хог шатаах үйлдвэр нэлээд боловсронгуй болсон. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах талаас дэмжиж байна. Гурван үе шаттай үйлдвэрийг барихад туршлагатай компани, багагүй хөрөнгө оруулалт шаардана. Сонгон шалгаруулалтад үүнийг хэрхэн анхаарах вэ. Биологийн задралгүй хог хаягдлаа шатаагаад эрчим хүч гаргаад шийдчих юм байна. Тэгвэл биологийн задралтай хогоо хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Нэг хогоо шийдээд, нөгөө хогоо үлдээхгүй болов уу” гэсэн асуултыг тавилаа.  

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Байгальд ээлтэй талаасаа олон улсад нэлээд дээгүүрт орох төсөл гэж тодорхойлоод байгаа. Гурван үе шаттай явж байгаа төсөлд нэлээд анхаарч ажиллаж байна. Урьдчилсан шатад 4 компаниас ТЭЗҮ авсан. ШУТИС-ийн эрдэмтэд шинжилгээ хийсний үндсэн дээр ТЭЗҮ-г эцэслэсэн. Шатах боломжтой бүх хогийг шатааж эрчим хүч гаргах боломжтой. Зарим төрлийн тухайлбал, малын сэг зэмийг шатаахдаа нүүрс ч юм уу тодорхой зүйлийг хольж шатаах технологитой” гэв.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Хан-Уул дүүргийн 24-р хороо Морингийн даваа орчмын иргэдийн эрх ашгийг, нийгмийн байдлыг дордуулахгүйгээр газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Мэдээж том төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй ч иргэдийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой учраас энэ талаар тодруулж байна” гэв.

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх газрын 142 га талбайд байршилтай 600 айл өрх бий. Гэхдээ эдгээр айлууд яг үйлдвэр барих газарт бол ороогүй бүс. Гол цаашдаа үйлдвэрийн парк барих төлөвлөлтүүд хийх юм. Дээрх айлуудын 583 нь дүүргээс, 13 нь нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгогдсон байгаа. Нийтдээ 444 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох, үлдсэн хашаа татсан болон амьдарч байгаа айлуудыг холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байна.” гэсэн тайлбарыг өглөө. Тодруулбал, 88 нь хашаатай, 14 нь газар дээрээ амьдарч байгаа, 356 нь хоосон буюу хоёр жил ашиглаагүй, хоёр жил болоогүй 141 газар байна. Иймд газрыг дүйцүүлж олгохоор суурьшил үүссэн бүсэд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа “Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн саналыг асуух хэрэгтэй. Морингийн давааны эдгээр айлаас эхлээд санал асуулга авсан уу. Морингийн даваанд барих хог шатаах үйлдвэр барих байршлын хувьд хэр зохистой вэ” гэсэн асуултыг тодрууллаа. Харин албаныхан хуулийн дагуу асуулга явуулсан талаар тайлбар өглөө. Төслийн гол зорилго нь газрын хөрсний болоод агаар орчны бохирдлыг бууруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэдгийг онцлов.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн хогийг ангилан олгох талаар тодрууллаа. Тухайн үйлдвэр биологийн болон бусад зэрэг шатаах технологиос хамаарч гурав ангилах талаар тайлбарлав.

May be an image of 4 people and text

Түүнчлэн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүнийг чөлөөлөх тухай,  Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1